Mонголчууд бид охин үрээ дээд боловсролтой болгохгүй бол хүний гар харж амьдарна, хөвгүүд яаж ийгээд хар бор ажил хийгээд амиа
Эрчүүд гэр бүл болж өрх толгойлон амьдрах чадваргүйн улмаас хүүхнүүд нь ахуй амьдралаа зохицуулан ажил хийж, үр хүүхдээ хүмүүжүүлсээр байна. Бидний бодож байсан охин үрээ хүний гар харахгүй амьдруулах гэсэн өнөөх сайхан санаа нь эцэстээ охидууддаа ачааны хүндийг үүрүүлэх эх үүсвэрийг нь тавьсаар...
Байгалийн шалгарлын хуулиар эр эсийн тархины болон шөрмөс, булчингийн үйл ажиллагаа нь хүч чадлаар илүү давамгайлж байдаг бөгөөд тэрхүү давуу тал нь 45-50 жил хэвийн хэмжээнд байж чаддаг бол эм эс нь 25-30 жил харьцангуй тогтмол байсны дараа чадвар нь эрс буурдаг байна. Үүнээс үзэхэд эр эсийн амьдралын явцад нөлөөлөх хүчин зүйлс нь эм эсийг бодвол илүү гэдгийг нотлон харуулж байна. Энэхүү харьцангуй давуу чанарыг нь ашиглан хөвгүүдийн амьдралд эзлэх байр суурийг нь илүүтэйгээр үзэж, тэдний мэдлэг боловсролд анхаарч чадвал, эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд зарцуулах цаг нь ихэсч улмаар гэр бүлийн тогтвортой амьдрал бий болж тэр чинээгээрээ улс орон хөгжих нь дамжиггүй юм.
Төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллагсдын ихэнх хувь нь эмэгтэйчүүд байна.
Тэгвэл эрчүүд нь хаана юу хийж явна вэ?
Зах зээлийн системд шилжсэн тэр л цагаас хойш ихэнх овсгоотой эрчүүд нь ажлаасаа гарч ганзагын наймаанд мордож, өдгөө зарим нь бизнесийн салбарт хүчээ үзэж, зарим нь “дампуурч” явна. Монголд ажил хийсэн ч амьдрал ахуй нь дээрдэхгүй хэмээн үзэж 20-40 насны эрүүл залуучууд нь гадаадад ажил хөдөлмөр эрхлэн гэр бүл, үр хүүхдүүддээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулан хөгжингүй орны хүмүүсийн хийхгүй байгаа хар бор ажлыг нь хийн хууль бусаар цагаачлан амьдарч байна. Монголд ажилгүй эрчүүд нь өнөөдөр хаана мөнгө олох боломжтой газар байна тэнд мөн л хар бор ажил хийж, урд хөршөөс жаахан бараа татан хэдэн төгрөг нэмэн борлуулж, хэдэн төгрөг олох гэж гэр орноосоо хол аль нэг суманд алт ухан түүнийгээ хэдэн цааснаас өгч зөвхөн өнөө маргаашийн амин зуулгаа аргацаан амьдарч байна. Бэлэнчлэх сэтгэлгээтэй зарим нь гэмт хэргийн эзэд болон ял эдэлж сууна.
Тэгэхээр үлдсэн эмэгтэйчүүд нь гэр орон, үр хүүхэд, ажил төрөл гээд бүхий л зүйлийг зохицуулсаар явна. Эмэгтэйчүүд энэ бүхний ард гарахын тулд маш олон буруу алхмуудыг хийж байгаа нь хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсролд зайлшгүй нөлөөлж байгаа нь нууц биш. Гэр бүл болох насны эрэгтэйчүүдийн ихэнх хувь нь гадаадад байгаа болохоор охид бүсгүйчүүд нөхөртэй болохын тулд үр хүүхдийг нь өнчрүүлэн гэр бүл салгах, удаан хугацаагаар хол байсны улмаас итгэл нь алдарч өөр хэн нэгэнтэй хамтран амьдрах, амьдралаа аваад явах чадваргүйн улмаас эхнэр нь гэрлэлтээ цуцлуулах гээд энэ бүхэн гэр бүл салалтанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр байна. Хүүхдийн хүмүүжлийн цагаан толгой нь гэр бүл гэж үздэг. Гэр бүл хичнээн ариун байх тусам хүүхэд төдийчинээ хүмүүжилтэй байна гэсэн үг юм. Тиймдээ ч өндөр хөгжилтэй орнууд гэр бүлийн боловсролд илүү анхаарч, “бид бүхэн хүүхдийн төлөө их зүйл хийж чадвал хүүхэд ирээдүйд түүнээс ч илүүг хийх болно” гэж үздэг бөгөөд хүүхдийн талаар хэрэгжүүлж буй бодлогууд нь хүнд чиглэсэн байх юм. Гэтэл манайд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр нь амьдралд огт нийцэхгүй, зөвхөн цөөн хүний хүрээнд хийгдэж байгаа нь гэр бүл тэр дундаа монголын ирээдүй болсон хүүхдүүд хаана, хэрхэн яаж хүн болж хүмүүжих нь тодорхой бус байсаар байна. Сүүлийн жилүүдэд монголчуудын боловсролын талаарх хамгийн том эмгэнэл бол хүүхэд нь хичнээн их цол гуншин, олон медаль авна төдийчинээ сайн хүн болон өсч байна гэж эндүүрч байгаа явдал юм. Өөрөө хүн болж хүмүүжиж чадаагүй хүмүүс эцэг эх болж үр хүүхдүүдээ буруу замаар будаа тээлгэж байгаа нь олон эрсдлийг дагуулж байгаа бөгөөд үр хүүхдүүдээ ч мөн тийм л иргэн болгон хүмүүжүүлсээр. Ураг сайтын удам сайн гэдэгчлэн хүүхдийн хүмүүжил төлөвшил нь гэр бүл, эцэг эхийн хүмүүжил төлөвшилтэй зайлшгүй холбоотой юм.